Хэдэн жилийн өмнө намрын нэг орой, орой ч гэж арав өнгөрөөд бараг шөнө юм даа, манай найз Таня бид хоёр хамт ажиллаж байсан нэг орос хүүхнийд очих гэж цахилгаан галт тэргээр Оакланд хот руу явсан чинь буудлаа андуураад Фрутвэйл станц дээр буучихав аа. Очих айл руугаа утасдтал Олон улсын гудамжнаас автобусанд суугаад хүрээд ир гэв.
Энэ гудамж нь зүүн эргийн тийм ч жижиг биш Хэйворд, Сан Леандро хотуудаар East 14 street гэж нэртэй явж байснаа Оакландад орж ирмэгцээ International boilevard болчихдог уртаас урт гудамж бөлгөө. Оакландын зүүн талаас харуудын хорооллыг дайрч хотын төв хүрдэг, эсэн бусын элдэв хүн цугласан, жижиг сажиг хулгай дээрмээс аваад буун дуу ч сонсогддог овоохон муу нэртэй газар юм санж. Ер нь Оакланд харууд ихтэй, гэмт хэрэг их гардаг, тэдний гарт монголчууд ч өртөж дээрэмдүүлсэн дуулддаг л юм.
Бид хоёр гучин зургаа юмуу гучин долдугаар авенью хавьцаа автобусны буудал олоод хүлээж гарав. Тэр хавьцаа хэдэн охидоос өөр хүнгүй. Гурван хар, нэг цагаан хүүхэн буудлаас арваад мээтр зайтай бөөгнөрөн байх нь лав унаа хүлээгээгүй нь илт. Удалгүй тод өнгийн богино хувцастай, латино гэмээр намхан тарган хүүхэн ирэхэд тэд найрсгаар угтан хөөрөлдөх нь хуучны танилууд бололтой.
Тэдний эрвийж дэрвийтэл будсан царай, гялалзаж гялтганасан энгэр цээж задгай оготор хувцас, өндөр өсгийт сэлт нь буудлын ард байх ганц нэгхэн гэрэл зузаан хөшгийг нэвтлэх төдий сүүмийх хаалга цонхыг нь бүдүүн хар төмрөөр торлосон, өнгө муутай хуучин гурван давхар урт байшин ба арван нэгдүгээр сарын хүйтэн зэврүүн үдэш хоёртой огт зохицохгүй дэндүү хээнцэр харагдаж гудамжны шар гэрэлд тод будагтай урт хумсаа гялсхийлгэн утасны товчлуур тоншиж хэн нэгэнтэй ярьснаа хоорондоо шивнэлдэн инээлдэж оройн жаврыг ч үл тоон тун хөгжилтэй байцгаах нь ямар нэгэн баярт бөөнөөрөө явах гэж байгаам болуу гэх сэтгэгдэл төрүүлнэ.
Оройтсон дээрээ будилж ядарсан бид хоёр тэднийг сонирхсонгүй, хачин хувцастай хүмүүс хаа сайгүй явж, халуун зунаар үстэй хүрэмтэй эсвэл хүйтэн нойтонд нүцгэн шахуу нэгнийг бишгүй харсан болохоор тоосон ч үгүй. Удалгүй ганган улаан машин гулгах мэт чимээгүй дөхөж ирээд зогсоход нэг охин ороод сууж хэдэн минут болсноо явчихав. Дараа нь өөр нэг машин ирэхэд нэг нь дохио өгч зогсоогоод мөн л суугаад хөдөллөө. Тэгсэн шөнийн эрвээхэйнүүдийн цугладаг газар юмсанжээ.
Орой болохоор цөөрчихдөг автобусыг хүлээж гучаад минут зогссоны эцэст нэг юм ирэхэд бид хоёр орж бүдүүн хүүхэн л ганцаараа янжуурын гал улалзуулан бууриа сахин хоцорч бүдүүн чанга хоолойгоор утсаар ярин хараагаад байгаамуу гэмээр хашгичсаар үлдэв. Хэдхэн хүнтэй автобусанд сууж аваад бушуухан амрах юмсан гэж бодсон шигээ нойрмоглож суутал Таня гэнэт хажуугаас нударч тийм тарган хүүхнийг хүн авдагийн бол уу гэдгийн. Бүү мэд дээ, авдаг болоод л зогсож байгаа биз гэсэн чинь нүцгэн гудамжинд зогсоод даардаггүйм бол уу ч гэх шиг зөндөө юм асуугаад сүүлдээ хөөе тэнд очиж зогсох гээгүйн бол чи бид хоёрт ямар хамаатайн гэж байж дуугай болгов.
Танягийн сониуч гэж, заримдаа гудамжаар хамт явахад янз бүрийн хүнтэй таарахаараа нүд ам нь орой дээрээ гарчаад нудраад салдаггүйм, битгий хар гээд шивнэхэд аль хэдийнээ бүлтийтэл хараад ангайж зогсох, ядаж байхад Сан Францискод элдэв дээдийн амьтан ихтэйг хэлэх үү. Тэгж хөглөж явж очиж хоноод маргааш өглөө нь 11-р гудамжнаас явдаг автобусанд сууж Ривер Рок казино орж тоглоцгоож билээ.
Бараг жилийн дараа юмуу даа нэг найзтайгаа тэр хавийн дэлгүүр хэсэж явахдаа бид хоёрыг дагаж залхсан нөхрийг нь гудамжны түшлэгтэй модон сандал дээр суулгаж удахгүй ирнэ гээд орхиод явлаа. Цаг гаруй болоод нөгөө газраа иртэл хажууд нь хижээл насны хоёр хар чанга чанга ярилцан цагаан хөөсөн савтай хоол идэж, нөхөр нэг бор цаасан ууттай юм барьчихсан сууж байна.
Нэг үнэтэй хар машин ирж зогсоод гонжоом зангиа болсон өндөр хар залуу тортой юм барин бууж харуудтай хэдэн үг солингоо торноосоо цаасан ууттай юм гаргаж өгснөө хажууханд нь суух мань хүнд нэгийг бариулчаад л алга болоод өгсөн гэнэ. Тэгсэн баячууд заримдаа гудамжны орон гэргүйчүүдэд хоол авчирч тараахдаа нөхрийг ялгасангүй өгч л дээ. Бид хоёр, тэр залуу манай хотод уг нь хар цагаан хоёр л гудамжинд амьдардагийн, одоо нэг хужаа нэмэгдэж гэж бодоо байх даа гэцгээн зөндөө инээлдэж билээ. Очих болгонд ямар нэг сонин юм тохиолдож байдаг Олон улсын гудамж аа гэж...




Сэтгэгдэлүүд:
Чи ер нь их удаж байж нэг бичдэг боллоо шүү...
Анж- харин тийм ээ хө, зав муутай болчихоод байна, одоохондоо энэ ажлыг хийх нь чухал болчихлоо, боломжоороо бичиж байгаа нь энэ
М2- аниа нь жаахан шаргуу ажиллах хэрэг гараад аа, тэхгүй бол болохгүй нь, тэгж байгаад завтай болох байх, зочилсонд баярлалаа
hehe ter nziin nuhur hooliig ni bas avjil bdg
нөхөр та 2-г буцаж иртэл юу бодож суусан бол ..
хүмүүний амьдрал аа гэж..
Сэтгэгдэл үлдээх: