Олон жилийн тэртээ таарч, эрхлэж тоглож идэж уухаас өөрийг боддоггүй явсан хүүхэд насны гэгээхэн дурсамжинд тодоос тодоор хадгалагдсан үлдсэн тэр нэгэн хүний дүр үе үе сэтгэлд буудаг нь амьдралын хатуу цохилтонд өртөн золиос болсон нүд хальтрам царай зүсний цаана халуун дулаан сэтгэл, жинхэнэ эр хүний мөс далдлагдан байж дээ гэдгийг ухаан суух тусмаа ойлгох болсных биз ээ.
Намайг бага байхад манай байрны урд, замын цаана байх урт, цагаан шавар байшинд аймгийн эрүүлийг хамгаалах газар байрладаг, түүний баруун талд нь олон мод бут бүхий том цэцэрлэгтэй, тэрний сүүдэрт урт модон сандлууд, өндөр нам хос савлуур байдаг нь бидний цугладаг, тоглодог гол газрын нэг нь байв. Тойруулаад барьсан хашаа хайс үгүй тул өдөржин тэнд дураараа бужигнаж өвөл болохоор зоорь байсан юм бол уу өндөр овоолгоотой шорооны уруу цаасан хайрцаг, хавтгай мод, торхны таглаа өөр сууж болохоор юу л олдоно бүгдийг ашиглан гулгаж өмд гутлаа цасанд норж хөлдтөл тоглодогсон.
Дараа нь тэнд нэг хэсэг амбулатори болж хүн амьтны хөлд дарагдаад аав ээж ч өвчтэй зовлонтой хүмүүстэй хутгалдаад гэж дургүйцэж, тэгсгээд том болоод өөрөөр эрхлэх аргаа олсон доо. Биднийг тэнд тоглож байхад хөх дээл, саравчтай хар малгайнаас салдаггүй нэг өндөр хар хүн хазганан явж хашаан доторх хог цаасыг түүн зэрлэг шарилжийг зулгааж эсвэл байшингийн нөгөө талд байх бяцхан бор гэрийн ойролцоо овоолсон бүдүүн бүдүүн моднуудыг хөрөөдөж хагалан нямбайлан хураах нь харагддаг ч хэзээ ч аашилж загнадаггүй, үг ч дуугардаггүй хэлгүй мэт явдаг болохоор бид ч айж эмэээдэггүй байв.
Үргэлж цагаан маск зүүсэн харагддаг тэр хүн тэндхийн манаач галч бөгөөд түүний царайг бид хараагүй, өөрөө ч биднээс холуур явна. Нэг удаа нуугдаж тоглоод алга болсон нэгнээ эрж хураалттай түлээний наагуур цаагуур шагайж байтал модны холтос зомгол дунд хөлөө жийгээд суучихсан тамхи татаж байгаа нөгөө хүнтэй гэнэт тулж хүний нүүр гэж хэлэхэд хэцүүхэн аймшигтай төрхийг анх удаа харсан би учиргүй цочиж айсандаа гэртээ гүйж харьж билээ.
Гэртээ гүйн ороод амьсгаадан байж хөрш айлын эгчтэй цайлж суусан ээждээ тэнд нэг дайсан байна гэж гээд том өрөөний цонхоор тэр зүг заатал хэний тухай яриад байгааг дор нь ойлгож хөөрхий муу Базраа юу, юуных нь дайсан байхав дээ, тэр чинь уг нь ийм байгаагүй юмаа, их сайн хүн гэцгээв. Тэдний ярианаас сайн хүн гэдэг нь л тодоос тод сэтгэлд үлдээд, тэр үед ах нарыгаа дагаж явж үзсэн нэг киноноос дайсан гэж их муухай хүнийг хэлдэг гэж боддог болсон маань биш байж, аймаар төрх царайтай мөртөө сайн хүн гэж байдаг юм байна гэдгийг ойлгож авсан төдийгүй гэрийг нь тойрон бужигнаж шуугиж хураасан түлээг нь нурааж байхад хэзээ ч биднийг загнаж байгаагүй түүнийг баярлуулах юмсан гэж найз охин Дэлгэрмаатайгаа ярьдаг байлаа. Долоо найман настай бидэнд хүнд тус болох юм гэж юу байхсан билээ.
Намар дуусаж хүйт орон өвлийн эхэн сар гарсан үе. Би дээрээ олон ахтай болохоор ус түлээний ажлаас хол, харин айлын ууган охин, хоёр дүүгийн эгч Дэлгэрмаа маань өдөрт төмөр замын айлуудын дунд байх худгаас тавтын бидоноор хэдэнтээ ус зөөнө. Би заримдаа хамт явж дамжлан зөөлцдөг байлаа.
Нэг удаа худаг дээр нөгөө масктай хүнтэй таарав. Худгийн ус авдаг цоргоны дор өвөл байнга тогтчихдог мөсөн дошин дээр хальтарч унахаас болгоомжлон сэмхэн дөхөх бид хоёрыг хараад дөнгөж дүүргэсэн хувинтай усаа цаанаа тавьж хүйтэнд улайж үрчийсан том гараа яаран сарвайлаа. Түүнийг сайн хүн гэж итгэсэн бид бишүүрхсэнгүй савнуудаа өгөхөд ус бялхтал хийгээд мөснөөс холхон аяархан газар дээр тавьж болгоомжтой яваарай халтирав гэж хэлэхэд нь түүнийг хэлгүй байх гэж бодсон маань ташаа байж гэдгийг мэдэж билээ.
Хэд хоногийн дараа хичээлээсээ иртэл гэрт шинэхэн даавууны үнэр ханхалж ээж маань оёод хосоор нь холбосон ажлын даалимбан бээлийнүүдээ шалан дээр жирийтэл өрж байв. Манай ээж ахуйн үйлчилгээний газрын оёдлын тасагт ажилладаг, дүү маань бие муутай байсгээд өвддөг тул гэрээрээ ажиллах нь цөөнгүй байсан. Тэр бээлийнүүдийг хармагц нөгөө хүний даарч үрчийсэн гар санаанд орж ээжээс нэгийг гуйсанд ихэд гайхсан ч учрыг нь сонсмогцоо хоёр хосыг өгөв.
Цэрэг ногоон өнгөтэй хоёр хос хөвөнтэй бээлийгээ барьчихаад тун ч баяртайгаар Дэлгэрмаагийнд гүйн орсноо сайн санадаг юм. Найз маань баярлаж дүүгээ хувцаслаж дагуулаад гурвуулаа нөгөө бор гэрийн гадаа очлоо. Томоо гэгчийн монгол цоож дүүжлээтэй хаалгыг нь хараад хэсэг зогсож хүлээтэл найзын дүү гурван настай бацаан даарч эхлэхээр нь бээлийнүүдээ холбоосоор нь цоожинд тохож үлдээгээд явцгаав. Бараг л анх удаа хүнд юм бэлэглэж байсан нь тэр байсан байх, өгч чадаагүйдээ сэтгэл жаахан гонсгор буцсан ч хэд хоногийн дараа өмсчихсөн явахыг нь цонхоороо хараад их баярлаж билээ.
Тэрнээс хойш хэд гурав таарахад юм хэлдэггүй ч цагаан маскны дээгүүр гялалзах нэг том нүдээрээ зөөлнөөр инээвхийлэх мэт хардаг, харин нөгөө нүд нь ширгэж багасаад юм үздэггүй байсан бол уу. Дараа жил нь холын нэг аймагт амьдардаг дүү нь гэл үү ах нь билүү нэг хүн ирээд нүүлгээд аваад явснаас хойш түүний тухай мартацгаасан юм даг. Тэрнээс хойш хэдэн жил өнгөрч намайг найм, есдүгээр ангид байхад манайхан юунаас ч боллоо доо тэр хүний тухай ярьцгааснаар түүний гунигт түүхийг сонсож дотроо их өрөвдөж байснаа санадаг юм.
Эрүүл саруул байхдаа царай зүс, нуруу туруу сайтай сайхан залуу аймгийн тээврийн баазад ачааны том тэрэг барьдаг, ханилан суухаар тохирсон бүсгүй нь хойно (Зөвлөлт Улсыг хэлж байна) их сургуульд сурч байжээ. Нэг удаа зам дээр тоглож байсан хоёр хүүхдийг дайрахгүйн тулд жолоогоо хажуу тийшээ мушгиж онхолдсоноос түнхээ гэмтээж нүүр ам нь тийм болсон гэнэ.
Хайртай бүсгүйгээ амралтаараа ирэхэд нь над шиг хүнтэй насыг яаж барахав, амьдралаа бод гээд хатуу үг хэлж явуулчаад хэдэн орой төмөр замын далан дээрх ганц хусны дэргэд сууж харагддагсан гэлцэхийг дуулаад хайр сэтгэл гээч юмыг гадарладаг болсны хувьд өрөөлийн аз жаргалыг өөрөөсөө илүү хайрлан ганцаардал гунирхлын манан дунд сайн дураараа үлдэнэ гэдэг ямар их тэвчээр болохыг мэдэрсэнсэн. Хэрэв замаас гараагүй бол яавч амьд үлдэхгүй байсан нөгөө хоёр хүүхдийн нэгнийх нь аав эмч хүн байж түүнийг бүх боломжоороо эмчилж хөл дээр нь босгосон төдийгүй ажилд оруулж өгчээ.
Ном их уншдагаасаа үүдээд романтиклах дуртай болчихсон Дэлгэрмаа бид хоёр энэ хүний түүхийг сонсоод ганцхан би л жаргал өгч чадах тахир дутуу ч гэсэн сайн хүнтэй сууж дутуу бүхнийг нь хайраараа нөхөж сайхан амьдрах юм шүү гэж хоорондоо сэмхэн ярьдаг байсан ч яг цаг дээрээ тийм хүн нь ч хаа байхав, байсан ч тэгж холыг харж чадаа ч уу үгүй чүү, хоёулаа тамирчин хөвгүүдтэй найзлах болж билээ. Хожим сэтгэл эмзэглүүлсэн элдэв ном сонин уншиж, кино үзэх бүрд ердөө ганцхан удаа хальт харсан тэр хүний царай нүдэнд харагдаж сайн хүнийг бурхан ивээдэг гэж хаанаас ч юм тогтоосон үг санаанд буухад амьдрал гэдэг баян хойно ухаантай сайхан сэтгэлтэй нэгэнтэй таарч өнөр өтгөн бүлийн тэргүүн болсон байх даа гэж боддог байсан. Санаа сайн бол заяа сайн байх ёстой гэж итгэдэг хүн ш дээ би.




Сэтгэгдэлүүд:
өрөвдөлтэй юмаа тэр хүн
Гэгээн мөртэй хүнийг сайн хүмүүс хүрээлдэг....сүүлийн үед энэ үгийг хэлэх их дуртай болоод байгаа
Тэр ах сайхан амьдарсан байх аа
одоо магад ач гучаа тойруулсан хүндтэй буурал ч байгаа юм билүү
Санаа сайн бол заяа сайн гэдэг үнэн үг шүү...
ЯАгаад бичихгүй удваа.
БАЯРЛАЛАА
Тэр сайхан сэтгэлтэй, ухаантай хүн байна хаа нэгтээ сайхан амьдраад явж байгаа гэдэгт итгээрэй.
бага байхдаа гэр нь шатаад 2 жаахан дүү нь тэврэлдээгээ нас барсан гэж дуулсан. амьд үлдсэн нь тэр хоёр байж. ёооё бодохоос өрөвдмөөр
Сэтгэгдэл үлдээх: