Ядаргаатай байна, залхуутай байна, ажил хиймээргүй амармаар байна, аялж зугаалаад аль нэг тийшээ алга болмоор байна гээд үглээд байснаа биелүүлэх гээд дэлхийн зугаа цэнгэлийн албан бус "нийслэл" Лас Вегаст тав хоноод өнөөдөр Сан Францискодоо газардахад чийглэг сэрүүхэн агаар нь сэтгэлд таатай гэж юухэв. Заавал очих үзэх газрын жагсаалтанд маань дээгүүр бичигддэг Вегаст огт төлөвлөөгүй байж байгаад монгол маягаараа гэнэтхэн шийдээд ажил төрлөө зохицуулах гэж хэд хоноод л явчихлаа. Невада хэмээх өөр мужид байдаг ч цаг гаран л нисэх шив.

Онгоцон дотроос харагдах Лас Вегасын эргэн тойрны хув хуурай амьгүй байгаль
Калифорни өнгөрөөд амьд амьтан мод ургамлын мөр ч үгүй улаан хүрэн өнгөт уйтгартай нүцгэн үрчлээт уулс, гүвээ даваа овоо довцог үелэн харагдах эзгүй хоосон газар дээгүүр гуч дөчин минут нисэж, хүний гар хүрсэн ул мөр, байр байшин, зам харгүй харагдана уу гэж нүдээ чилтэл харсан ч амьдралыг тэтгэгч усны бараа сураг ч үгүй хуурай цөл газар юугаа олж үзэх билээ.

Хотоос баруун тийш аялалд явахдаа автобусан дотор авсан зураг. Арзгар хад чулуунаас тогтсон уулын бэлээр халуун хуурай цаг уурын аяыг дааж амьдрах чадвартай гандмал бүдэг өнгөтэй бут сондуулаас өөр нүдэнд торох юмгүй
Аагим халуун нар цоносон, хад цохионоос бүрдсэн уул толгод, хайрга чулуун хөрстэй, өвс ургамал гэхээр юмгүй шахам элчилгүй хоосон энэ газрыг дэлхийд гайхагдсан зугаа цэнгээний хот болгон хувиргасан хүний оюун ухаан, хүч чадлыг бахархахаас яах билээ. Анх 1905 онд үүссэн жижигхэн суурин 1911 онд хот гэж нэрлэх болжээ.
Казиногийн хууль батлагдаж 1931 онд анхны казино байгуулагдсан нь хотын хөгжил цэцэглэлтийн чиг хандлагыг тогтоож, үүнд тэр үеийн мөрийтэй тоглоомын далд эзэд болох америкийн мафийн сүлжээний томоохон төлөөлөгчид Бенжамин Сийгэл, Мейер Лански болон бусад том гарууд их "хувь нэмэр" оруулсан гэдэг. Тав, зургаа, долоо, найман сард заримдаа дөчин хэдэн хэм халдаг энэ хотод өдөр бүр хүмүүс нүүн ирж суурьшдаг нь байр хямдхан, аялал жуулчлалын үйлчилгээ хөгжсөн тул ажлын байр олддогтой холбоотой.

Лас Вегасын Стрип дүүрэгт өдөр ч шөнө ч хөдөлгөөн шуугиан тасрахгүй
Жилээс жилд оршин суугчид нь нэмэгдэж одоо 2 сая гаруй хүнтэй болсон Лас Вегасын өвөрмөц сонин хийцтэй уран барилга байгууламжуудыг сонирхож, казинод тоглож зугаацаж, дэлхийн хэмжээнд зохиогддог шоу тэмцээнүүдийг үзэхээр жил бүр сая сая хүмүүс тив бүрээс ирцгээдэг. Мөнгөө барж үрж ядах баячууд, насан туршаа ажиллаж хураасан хуримтлалаа зарцуулж газар үзэж яваа настайчууд, бүтэн жил гар хумхилгүй ажиллаад амралтаа авч алжаалаа тайлахаар ирсэн жирийн хүмүүс, тоглож наадах зугаалах хүсэлтэй залуучууд Strip (олон арван давхар зочид буудлуудын комплэкс, казинууд төвлөрч алдартай шоу, тоглолт, арга хэмжээнүүд зохиогддог Лас Вегас бульварын нэг хэсгийг ингэж нэрлэнэ)- ыг дүүргэж хотын амьдралыг тасралтгүй үргэлжлүүлнэ.

Ногоон маргад чулуун "дээлтэй" Эм Жи Эм Гранд 1993 онд ашиглалтанд орохдоо дэлхийн хамгийн том буудал байсан гэнээ. Одоо бол хоёрт жагсдаг юм байх. Эхнийх нь эндхийн Венец буудал юм бол уу, тэрийг 8000-гаад өрөөтэй гэж сонссон
Лас Вегаст зочид буудлын 140 000 өрөө (биднийг хотоос гадагш аялалд авч явсан аяллын хөтөчийн хэлснээр) байдаг гэнэ. Тиймгүйсэн бол өдөрт хэдэн мянгаараа ирж буцах тэр олон зочдыг хаанаа шингээх билээ. Дэлхийн хоёрдахь том буудалд тооцогддог 5044 өрөөтэй 30 давхар MGM Grand зочид буудалд 14 хоногийн өмнө өрөө захиалсан ч ирэхэд бэлэн зассан өрөө байгаагүй, гучин минут хүлээх хэрэг гарсан нь зугаа цэнгэлийн хот ямархуу ачаалалтайг хэлээд өгнө. Энэ буудлын доод давхарт хөл бөмбөгийн 4 талбайтай тэнцэхүйц талбайтай Стрипын хамгийн том казино, 16 ресторан байхаас гадна 5 задгай бассейн, хурлын танхим, клуб, театр, том уралдаан тэмцээн концерт тоглодог MGM Garden Arena хэмээх том танхим бий. Комплэксын хэмжээгээр Венец комплэксийн дараа хоёрт ордог гэнээ

Цогцолборын гол хаалганы өмнө байх 50 тн жинтэй 14 м өндөр арслангийн зэс хөшөө бол америктаа хамгийн томд ордог
Дөрвөн зүг рүү харсан жигүүртэй энэ зочид буудлын цогцолбор бүтэн блок эзэлдэг, билэг тэмдэг нь араатны хаан арслан бөгөөд Сприт рүү харсан нүүрэнд зэс цутгамал хөшөө нь байх төдийгүй нэг давхарт казино доторх том шилэн байранд хоёр амьд арслан өдөр ирж "ажиллах" бөгөөд шөнөдөө 12 милийн зайтай байх "гэртээ" харьдаг гэнээ.
Би тэдний зургийг авах санаатай хэд хэд эргэлдсэн ч чадаагүй, тэд их залхуу, хэдийгээр агааржуулагчийн ачаар тэнд их сэрүүхэн боловч дандаа л хэвтэж байна. Өрөө нь шилэн шалтай тул дээр нь хэвтээ арслангуудыг дороос нь харахад хэлбэр галбиргүй бөөн үс ноос, та нар байтугай би хүртэл зургаа хараад юу болохыг нь хэлж мэдэхээргүй юм байна лээ. Орон байр гэж ордон л гэсэн үг, гурван давхар байшингийн дайтай өндөр, том жижиг хоёр хүрхрээтэй, харин тэр хоёртой цуг сургагч нь юм бол уу хоёр залуу хамт байхыг харсан

Тус буудлын 21 давхарт байх манай өрөөний цонхоор Нью Йорк сити болон түүний билэгдэл эрх чөлөөний хөшөө харагдаж байна. Тэр махиралдаж тахиралдсан галзуу хулганы замаар давхиж болох ч би тэгж гэдэс дотроо холихыг хүсээгүй ээ.

Өчнөөн тэнгэр баганадсан олон давхар буудал, том казино хоёр алхаад л таарч тэрүүгээр дүүрэн хүмүүс аялж зугаацаж үнэтэй зоогийн газар хооллож, тоглож, 100-гаас дээш долларын үнэтэй шоунуудыг танхим дүүрэн үзэцгээж байна. Стрипэд олон барилга барьж байгаагийн зургаа нь лав энэ зурган дээр харагдаж байгаа. Барилгачид нь өдөр шөнөгүй 24 цагаар ажиллаж байна лээ. Энэ олон барилга ихэнх нь буудал, казино болох байх даа. Нэг нь лав World Market Center болно гэж сонссон. Энд хямралын сүүдэр ч алга. Амьдрал буцалж өнгө мөнгөөр бялхаж байлаа
ж
Энэ хоёр "майжгий" байшин баригдаж дуусахаараа Спритын содон шийдэлтэй барилгуудын нэг болох байх даа
Би Лас Вегасын төв буюу даунтаун орох хэрэг гараад тийшээ Спритээс хэдэн минут хурдны замаар яваад л орчихлоо. Тэнд америкийн ердийн жижгэвтэр хотын дүр зураг харагдана. Гудамжаар нь ганц нэг машин зөрөлдөж хаа нэгтэй явган хүн тааралдаж, Калифорни, Гоулдэн Гэйт гэх мэт хуучин буудал казиногийн хэдэн өндөр барилга харагдахаас биш Спритийн шуугин буцалсан хөл хөдөлгөөн, эрээн мяраан хаяг, гэрэлтэн гялалзаж хором бүрд дүрсээ солих том дэлгэцүүд, гудмаар багтаж ядан хөлхөх түмэн хэлийн амьтан, казиногийн нээлттэй хаалгаар чанга сонсогдох тоглоомын автомат машинуудын жингэнэж хангинах чимээ, янз бүрийн арга хэмжээний билэт, урилга, зар реклам борлуулах гэж элдвийг хэлэн барьсан цаас, товхимол, сэтгүүлээ сарвайгаад ээрэх олон хүмүүсийн аль аль нь алга.
Хөдөлбөл хөлс, зогсвол зоос гэдэг хууль болсон энэ газар хоол унд, буудал, үзвэр үйлчилгээ нь өндөр үнэтэйгээс гадна казиногийн "нутагт" ирчихээд зүгээр суултай нь биш, бас хэдэн ногооноо тушааж шөнөжингөө машин нүдэж хоноод маргааш нь гадагш аялалд явахдаа автобусан дотор өөрийн мэдэлгүй донхолзож, 3 миль буюу 4,8 км урт Спритийг өдөржин халуун наранд хөлсөө урсган хөлөө холготол нэгд нэгэнгүй нэгжиж, бүгчим шөнө гэрэл гэгээ гялбасан гудамжаар олонтой чихэлдэн үүгээр түүгээр сэлгүүцэж баахан завгүй амьтан л харайлгаж байгаад ирлээ.
Гэхдээ маш өндөр түвшинд бүтээгдсэн шоу үзэж, газар газрын онцлогийг илэрхийлэх чамин ганган барилга байшин хөшөө дурсгал харж, дэлхийд томд тооцогдох аварга том бүтээн байгуулалттай танилцсан үнэхээр сайхан амралт болсон тухай эхний бичлэгээ ингээд өндөрлөе. Дэлхийн зугаа цэнгээний төв гэдэг нь аргагүй юм байна лээ. Тэнд хүмүүсийг баясгаж зугаацуулах үй түмэн арга хэмжээ, бас түрийвчийг нь хоослох хар мянган үйлчилгээг сэдэж хэрэгжүүлж байдаг, тэгэхдээ мөнгөө үрэх гэж л очдог учраас бүгд үзсэн харсандаа сэтгэл дүүрэн буцдаг бололтой. За дараагийн бичлэг хүртэл баяртай.




Сэтгэгдэлүүд:
бичас ирсэнийхээ дараахан Вегас л орохгүй юм бол энд ирсэний хэрэг гарахгүй гээд очиж үзэж билээ...гэхдээ тоглоом машинуудынх нь учрыг ойлгоогүй байсан учраас сайхныг нь хараад баахан зураг авхуулж буцжийлаа гэж...
ирэх жилийн төлөвлөгөө танай хотоос эхлээд хэрэгжинэ дээ хэхэ
Орди-хэхэ хожоод л эргүүлж алдаад л д тэгээд урам хугагараад муу казинод дахиж орохгүй гэнэ, гэтэл байрандаа орохдоо заавал тэоүүгээр дайрч гарч таарна, тэгээд л эхэлнэ дээ, бага зэрэг юм алдсан гэхдээ сонирхолтой байсан болхоор харамсаагүй ээ
Дээгий- баярлалаа, дахиад бичнээ
Досу- харин тийм гадаа гарахаар бүтэж үхчих гээд байшин дотор суухаар нимгэн хувцастай даараад л
балай юм байна лээ, намайг очиход өрөй гайгүй халсан, одоо бүр шатааж байгаа гэсээн
Баяраа- сайхан сайхан, тогдоомноос гадна үзэж харах юм ихтэй юм
5буудал- өө буудалын хүлээн авах бол байнга оочэртойь өдөржин цүнх саваа чирсэн хүмүүс ирээд л яваад л , бас болоогүй зөндөө олон буудал барьжийна
Хилдэ- ёстой түм түчигнэж бум бужигнасан газар гэж энийг хэлэх байх
Дэвид- чи ч тэгвэл туршлагатай вегасёин юм байна, яаж тийшээ 10 цаг гаран машинаар явах вэ дээ, ядарч үхэх биз, цаг хэмнэж бас биеэ ядраахгүй гээд л нисчихлээ. Би бас хзээ ч үзээгүй төсөөлөөгүй гоё шоу үзсээн
Жулиа-тийм ээ дахиад нэг явна даа
Чабу- хэхэ хужирхай гэнээ,
Чимгээ- баярлалаа,
Монкей.мн- урьсанд баярлалаа, орж сонирхоноо
Чуупс- баярлалаа тэгэхийг хичээнээ
Арслантай авдар- хэхэ аль нь биш зүгээр байшин байна лээ
Саншайн-баярлалаа, сайхан газар байна лээ
Амор- хэхэ харин тийм, уг нь муу писигээ чирээд буудлын нэтэд холбогдсон л доо, даанч юм бичих гэхээр амралтаа эдэлж байгаа минь бодогдоод залхуураад байсан
Анжелик- тийм ээ гоё юм билээ
Ээнээ -нээрээ азтай шүүь үзэхийг хүсдэг ч үзэж чадаагүй хүмүүс олон байдаг байх даа
Жадор- хүн хүн өөр байдаг байх даа, би бол учиргүй харааж доромжилсон бол устгадаг, гэхдээ их цөөхнийг гарын арван хуруунд багтха бол уу, зүгээр шүүмжилсэн нь байж л байдагийн, овоо хэд бий. Яагаад гэхээр хүн бүр нэг юмыг өөрөөр төсөөлөж ойлгодог бодохоор миний бодсоноор тэс өөрөөр бодож, өөр өнгцгөөр харж байгаа нь тэр хүний буруу биш. Миний блогийг нэгд нэгэнгүй уншвал тиймэрхүү сэтгэгдэл зөндөө бий, яахав байж л байг, би уншигчдийнхаа санаа бодлыг хүндэтгэнэ.
Блогтой хүний тэр бичлэгийг би оохондоо уншиж амжаагүй байна, тэгэхээр тэр талаар хэлэх юм одоогоор алга. Хэн ч хэн нэгний блогийг уншаад дайрч доромжлохгүйгээр саналаа хэлж бололгүй яах вэ, харин хүлээж авах эсэхийг блогийн эзэн л мэдэх байх даа.
Молор- сайн дүү сайн уу.Санаа гаргаж хэлсэнд баярлалаа, би уг нь ном гаргахгүй гэж боддог байлаа, хэвлүүлэх дараа нь борлуулах гэж бөөн ажил гээд...тэгээд өчнөөн цаг мөнгө хөдөлмөрөө үрээд хүн авахгүй бол яахав ч гэд бодоогийн, гэхдээ үүнийг би бодож байж л болы. Нээрээ хүнд хэрэг болох юм бол уу
Сайхан амарчээ. В?гас гуайнхаар нэг зочлоод оччихиймсан... ккк санаж явахад болох байлгүй дээ тээ. Ойрхон байсан бол харайгаад л очихсан ... ккк
Сайхан амраад бөөн эрч хүч, энерги өвөртлөөд ирээ биз дээ?
Лас Вегас гэдэг хоттой танилцаад чамгүй мэдээлэлтэй боллоо доо. Шуугиан чимээ нь бараг л сонсогдох шиг, бүүр төсөөлөгдөж байлаа шүү.
Ир нь эцсийст юм үзэж нүд тайлж түмний дунд орж явах нь зөв ч юм шиг.Миний дүү онц.Аялалаа боломжоороо үргэлжлүүлээл байгаарай.За?
Улам л их амжилт бас аз жаргалыг хүсийдаа.
та ч бас амралтаа сайхан өнгөрүүлжээ их гоё аймаар таалагдлаа
Good luck!
Altargana aa
tiishee chini daraachiin udaa tuluvlusun bgaa,
ter kazinod zugeer munguu ugch bxaar naash ni ugchixgui
Сэтгэгдэл үлдээх: